Системийн зааварчилгаа
2024-04-22
Зураг

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481-р тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.

Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж буйтай холбогдуулан Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны ажлын албатай хамтран олон нийтээс нээлттэй санал авах цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Төслийн эхний нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн их, дээд, мэргэжлийн сургуулиудын консорциумтай хамтран зохион байгуулж, тус аймгийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай санал солилцов. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төр-их сургууль-үйлдвэрлэгчийн гурвалсан хэлхээний эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжилд судалгаа, эрдэм шинжилгээний чадавхыг татан оролцуулах зэрэг чиглэлээр бодит санал, санаачилгуудыг гаргав.

Түүнчлэн төсөлд орон нутгийн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг тусгах зорилгоор “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран тус байгууллагын аймаг, орон нутаг дахь салбаруудыг оролцуулан цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүд, орон нутгийн салбар төлөөллүүдийг хүлээн авч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж макро эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс бизнес эрхлэгчдийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтөд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг танилцуулав. Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүдээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжлийн 6 бүсэд инновацийг хөгжүүлэх, инновацийн ХАБ, шинжлэх ухааны паркыг бий болгох зэрэг саналуудыг гаргалаа.

ЭВЕНТ КАЛЕНДАРЬ